“Дэндүү гэмээр тунгалагхан бодол сэтгэлээр жигүүрлэж орчлон ертөнцийг яг л солонго шиг өнгө ялдам, нар шиг хиргүй ариунаар төсөөлж явсан хүүхэд нас минь.”
Үзсэн хүүхэлдэйндээ итгэж хэзээ нэгэн цагт хаанаас ч юм цагаан морь унасан ханхүү хүрээд ирэх юм шиг тольны өмнө өдөржин зогсоод өөрийгөө Аврора, Бель шигээр төсөөлж баясч явсан тэр өдрүүдийг эргээд бодоход ямар гэгээхэн юм бэ.
Яагаад хүмүүс хүүхэд насандаа эргээд нэг очих юмсан гэж хаяа нэг санааширч, “хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол” гэх дуу хүртэл зохиосон юм бол. Үнэхээрч бид хүүхэд байхдаа дэндүү амар тайван дэндүү зоригтой байж. Ээждээ загнуулна гэдгээ мэдсээр байж өглөөн нарнаас үдэш хүртэл гадаа тоглож, хэнд ч муу саналгүйгээр найзалж, амьгүй хүүхэлдэйгээ хүртэл тэгтлээ хайрлаж усанд оруулж хувцасыг нь оёхдоо жаргал мэдэрдэгсэн.
Он жилүүд өнгөрсөөр тэр гэгээхэн зүйлүүд бага багаар биднээс холдож бүдгэрсээр, хэн нэгэнд муухай үг хэлж, хэн нэгнийг хаяа нэг муу талаас нь бодож, эсвэл ямар нэг зүйлд маш ихээр санаа зовж, амьгүй зүйлсийг хайрлахаа больж, сонголтууд ихсч хариуцлага нэмэгдсээр байгаа нь биднийг том болж буйг илтгэх нь тэр юмуу даа.
Бидэнд гурван би байдаг юм шиг. Хүүхэд насны би, залуу насны би, өтөл насны би. Гэхдээ хамгийн хиргүй ариун дэндүү гэмээр гэгээхэн, бүхий л зүйлээс аз жаргалыг нь мэдэрч чаддаг байсан нь хүүүхэд нас минь байж. Тэр л насныхаа гэгээхэн зан чанар хүсэл бүхнээ өөртөө хадгалаад хаяа нэг гаргаж бусдад түгээвэл хичнээн сайхан гээч.
Бид магадгүй хэзээ ч туулж өнгөрүүлсэн өдрүүдрүүгээ эргэж чадахгүй гэхдээ тэр өдрүүдийн чамд өгсөн сайхан бүхнийг сэтгэлдээ шивээд амьдралын эргүүлэгт хамгийн нандин өөрийгөө гээхгүй байх нь хамгаас үнэтэй. Хүүхэд нас минь намайг энд авчирсан, тэр сайхан дурсамж бүр намайг бүтээсэн. Ийм л учраас хаяа нэг яг л хүүхэд байх үеийнх шигээ хиргүй сэтгэлээр бүгдэд хандаж чадвал амьдрал яг л тэр үед эргээд очих шиг тийм яруу мэдрэмжийг бидэнд өгнө гэдэгт би итгэдэг.